Монгол улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ой "Монгол генералуудын өдөр"-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги зохион байгууллаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг өнөөгийн түвшинд хүрэхэд хүч, хөдөлмөр, мэдлэг оюунаа зохиулсан эрхэм генералууддаа талархал илэрхийлэн, ёслолын жагсаал, хүндэтгэлийн хурал хийж Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай гурван үеийн уулзалт хийж мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа. 101 жилийн түүхтэй Шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагаас нийт 8 генерал цолтон төрөөд байгаа юм.
Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Х.Ариунболд, Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Б.Батбаяр, Бригадын генерал М.Ганхүү, Бригадын генерал Д.Батжаргал, Бригадын генерал Б.Билэгт нар оролцсон бөгөөд залуу үеийн алба хаагчдад мэдлэг, мэдээлэл өгсөн ахмад үеийн туршлагаас суралцсан үйл ажиллагаа боллоо.